
“Барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн 2018” өчигдөр Төрийн ордноо боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв, Барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав. Зөвлөгөөнд төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 650 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Тус арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож нийт барилгын салбарын удирдах ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлж, бүтээн байгуулалтын их үйлст амжилт хүссэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үгэндээ “Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах, түрээсийн орон сууц барих чиглэлээр холбогдох тооцоо судалгааг гарган ажиллаж байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотод “Төв цэвэрлэх байгууламж”,“1008 айлын орон сууц” барих ажлыг эхлүүлэх, гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажлыг үргэлжлүүлэх,10 гаруй аймагт бохир ус цэвэрлэх байгууламжууд, БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр түрээсийн орон сууцны хороолол барих зэрэг улс, орон нутгийн чанартай төсөл, хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн тодотгосон юм.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд үг хэлж, “Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.
Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно” гэдгээ илэрхийллээ.
Тус зөвлөгөөний үеэр эрдэмтэн судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд Барилга, нийтийн аж ахуйн салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, холбогдох илтгэл, судалгаа, мэдээллүүдийг танилцуулж байсан юм. Дашрамд дурдахад 2017 оны Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс 15 зөвлөмж гарч, зөвлөмжийн дагуу 77 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.