Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц ба ногоон санхүүжилт” сэдэвт сургалтыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран өнөөдөр /2026.04.16/ зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар "Нар+Батарейн системийг амины орон сууцанд ухаалгаар төлөвлөх нь", "Дулааны насосын технологи", "Монгол Улсад туршигдсан байдал" зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэхээс гадна Хаан, Хас, Төрийн банкны төлөөлөл оролцож ногоон зээл, санхүүжилтийн нөхцөлийн талаар мэдээлэл хүргэлээ.
Сургалт өдөрлөгт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа.
Цаашид иргэд, байгууллагуудад чиглэсэн эрчим хүчний хэмнэлттэй барилга, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах бөгөөд дараагийн сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөлөө.