"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай албан уулзалт хийлээ. Уулзалтаар талууд БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй томоохон хэмжээний бүтээн байгуулалт, стратегийн төсөл хөтөлбөрүүдийн өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцож, ажлыг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцов.
Уулзалтын эхэнд талууд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар ярилцлаа. "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас стратегийн чухал ач холбогдолтой тус төслийг урагшлуулах хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар тушаал гарсныг танилцуулж, уг тушаалаар газрын тос боловсруулах үйлдвэрийн зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд магадлалын дүгнэлтийг шуурхай гаргаж, төслийг гацаагүй үргэлжлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг онцоллоо.
Мөн уулзалтаар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж буй "Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв"-ийн барилгын ажлын явцыг хэлэлцлээ. Есөн давхар тус барилгад Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус барилгын Газар шороо, суурь, барилгын металл карказ рамны угсралт, Давхар дундын хүчитгэсэн цутгалт, хана хамар ханын өрлөгийн ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд ерөнхий ажлын явц 58.2 хувьтай үргэлжилж байна. Энэтхэгийн талаас барилга угсралтын ажлыг 10 сард дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлийг илүү шахаж, чанартай бөгөөд шуурхай ашиглалтад оруулах шаардлагатайг илэрхийлсэн юм. Үүний дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд 7 хоног бүр барилгын талбайд биечлэн очиж, хяналт тавих чиглэлээр гүйцэтгэгч ("Гранд тех" ХХК, "П.К.Саксена Контрактор" ХХК) компаниудад шаардлага тавьж, хяналтаа чангатган ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Атул Малхари Готсурве "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчдыг БНЭУ-д сургах, туршлага судлуулах, чадавхжуулж мэргэшүүлэх сургалтад хамруулах санал тавив. Энэ хүрээнд тэрээр Энэтхэгийн нэр хүндтэй сургуулиудын дамжаа, курст суралцах монгол иргэдэд зориулсан Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож, талууд боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.