“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц ба ногоон санхүүжилт” сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Сургалт, судалгаа, инновацын хэлтсийн дарга Б.Булганхүү, Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Отгончимэг, эрчим хүчний олон улсын аудитор Ц.Уранцэцэг, Төрийн банкны Тогтвортой хөгжлийн албаны менежер А.Энх-Эрдэнэ болон “Транс капитал”ББСБ, Хаан банкны эдийн засагчид оролцож, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдэл, ногоон зээлийн боломж, санхүүжилтийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
200 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, ногоон санхүүжилтийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцлоо.
Тус сургалт нь “Барилгын хөгжил– Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид тус төвөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн сургалт, мэдээллийн арга хэмжээг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах юм.