"Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц" төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо (Шархад дэд төв)-д баригдаж буй 338 айлын эко хорооллын эхний ээлжийн 4 блок, 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.
Тус орон сууц нь эрчим хүч, материал, усны хэмнэлт нь нийт барилгын хувьд 30 гаруй хувьтай байна гэж олон улсын аудиторууд үнэлгээ хийж баталгаажуулсан байна. Мөн барилгын фасад болон дулаалгад гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалыг Монгол Улсад анх удаа ашигласнаар дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд хүргэсэн байна.
Энэхүү ногоон орон сууцны нээлтийн арга хэмжээ нь 2026.08.20-ны өдөр болсон бөгөөд COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын энэ цаг үетэй уялдаж байгаа нь онцлог. COP17-ийн хүрээнд Монголд түр барилга, Green Zone, хурлын орчны тохижилт зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд эдгээр төслүүдэд мөн байгальд ээлтэй материал, тогтвортой арга ажиллагаа, эко дизайн ашиглахыг зорьжээ.
Барилгын салбар ч мөн энэхүү дэлхий нийтийг хамарсан цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрсний бохирдлын эсрэг байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй байх чиглэл рүү идэвхтэй шилжиж байна. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран BestGER нэртэй үндэсний ногоон барилгын үнэлгээний систем, аргачлалыг баталж эхний ээлжийн аудиторуудыг бэлтгээд байна. Энэхүү аргачлал нь олон улсын ногоон барилгын зарчимтай уялдсан Монголын үндэсний хэрэгцээ, нөхцөлийг тусгасан үнэлгээний систем, аргачлал бөгөөд үндсэндээ барилгыг дараах асуудлуудаар авч үздэг:
1. Хүрээлэн буй орчин — газрын ашиглалт, ногоон байгууламж, тээвэр, хог хаягдал
2. Эрчим хүчний үр ашиг — дулаан алдагдал, халаалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч
3. Материал ба нөөц — материалын үр ашиг, байгаль орчны нөлөөлөл, дахин ашиглалт
4. Усны үр ашиг — усны хэрэглээ, хэмнэлт, дахин ашиглалт
5. Тэсвэрлэх чадвар — газар хөдлөлт, гал, үер, уур амьсгалын эрсдэл
6. Дотоод орчны чанар — агаар, гэрэлтүүлэг, дулааны тав тух, эрүүл ахуй.
Дээрх ногоон орон сууцны төсөл нь Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хөгжүүлсэн Edge ногоон үнэлгээний стандартын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл бөгөөд ялангуяа эрчим хүч, ус, материалын хэмнэлтийг тоон үзүүлэлтээр харьцангуй ойлгомжтой үнэлдгээрээ онцлог юм.
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас ногоон орон сууцны норм, дүрмийг боловсруулах болон EDGE стандартыг хэрэглэх аргачлалыг батлуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
'Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас мөн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлийг олон нийтэд сурталчлах зорилгоор "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц" өдөрлөг, арга хэмжээг үнэ төлбөргүй хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.