Хотжилтын эрчимтэй хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд байгалийн гамшгийн давтамж, үр нөлөө нь нэмэгдэж байгаатай холбогдуулан хотуудын тогтвортой, ногоон хөгжил нь Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал сорилтуудын нэг болоод байна. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаагаас зөвхөн Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж байгаа нь хот, хөдөөгийн хөгжлийн хэт ялгаатай нөхцлийг бий болгож төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн жилээс жилд өсөж тэр хэмжээгээр нийслэл болон бусад хотуудын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөн, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсээр байна.
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын хэт төвлөрөлийг сааруулах, түүнээс үүдсэн хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгалийн гамшигт тэсвэртэй байдал зэрэг хот суурин газарт нүүрлэж байгаа сорилт бэрхшээлийг даван туулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг бодлогын түвшинд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичиг, Шинэ Зуунмод, Шинэ Хархорум байгуулах, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг хууль тогтоомжуудыг боловсруулж УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх” зорилгын хүрээнд "20 минутын хот" стандартыг нэвтрүүлэх, хот төлөвлөлт, засаглалын шинэчлэлийг хийж, хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, 150 000 айлын орон сууцны хөтөлбөрийг нийслэл, аймаг орон нутагт хэрэгжүүлж, ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгож, нийтийн болон болон амины орон сууцыг барих, хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоог бий болгон, хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.
Иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдал бол хотын хамгийн чухал хөрөнгө юм. Гэсэн хэдий ч хотод амьдардаг 4.2 тэрбум хүний дийлэнх нь эрүүл мэндийн шаардлага хангасан орон сууц, тээврийн хэрэгсэл, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй, хог хаягдлын менежмент муу, агаарын чанар нь ДЭМБ-ын зөвлөмжөөс давсан орчинд амьдарч байна. Иймээс хот төлөвлөлт, байгуулалтын үйл ажиллагаанд иргэд, оршин суугчдын эрүүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай байна.
Энэхүү форумаар Монгол Улсын хот байгуулалтын салбарт шаардлагатай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргах, олон талт төлөвлөлтийн сайн туршлага, зарчим, стандарт, шийдлийг хот, суурин газрын төлөвлөлтөнд нутагшуулан хэрэгжүүлэх замаар тэнцвэрт хөгжлийг бий болгоход салбаруудын (хот байгуулалт, барилга, орон сууц, эрүүл мэнд, байгаль орчин ба уур амьсгал) бүх оролцогч талуудын хамтын санаачлага, ойлголцолыг бүрдүүлэх алхамыг хийнэ.
Зорилго: Энэхүү форум нь дэлхий даяр хотжилтын үйл явц эрчимтэй явагдаж байгаа өнөө цагт Монгол Улсын нийслэл хот, дагуул хотууд, улс, орон нутгийн зэрэглэлтэй болон шинээр байгуулах хотуудыг дэлхий дахины олон улсын жишиг, зарчмын дагуу хүн төвтэй, амьдрахад таатай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, нийгмийн тэгш хүртээмжтэй, орчин үеийн шинэ технологи, инновацид тулгуурласан дэд бүтэц бүхий ухаалаг, ногоон, тогтвортой үзэл баримтлал, шийдлээр төлөвлөж хөгжүүлэхэд шаардлагатай цогц бодлогыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг дүгнэх, гадаад улс орны оновчтой туршлагыг нэвтрүүлэх, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг чиглүүлэхэд оршино.